2008-04-03,07:00

4 биш 4 |зохиолч Анударь|

энэхүү бичлэгийн өмнө бичиж байсан даа та санаж байгаа байх. ингээд Анударийн 4 биш 4. та таалан болгоо. танд ямар нэг зүйлийг бодогдуулна гэж итгэж байна.

НЭГ

БҮХ ЮМ
Бүх юмгүй
Бүх юм байхгүй
Цагдаагийн газар Давааг эрж илрүүлж байв. Даваа гэмт хэрэгтэн. Түүнийг баривчлахад Идэр туслав. Идэр Даваагийн найз.
Цагдаа - . . . мэднэ биз дээ.
Идэр – мэднэ . . . Даваа тэднийд байгаа
Цагдаа, төр, хүч, засаглал. Тэнгэрт тулсан том төмөр, доор нь Идэр. Багаасаа. Ах, эгч, эцэг, эхийг аргалж болно. Том хар төмрийг болохгүй.
Зун. Ногоон зүлэг. Шар нар. Ялаа ниснэ. Бөмбөгөөр тоглож байгаа хүүхэд. Гурван настай хүүхэд ганцаараа бөмбөгөөр тоглоно. Ногоон зүлгэн дээр. Хажуугаар хүмүүс явна. Хүүхэд бөмбөг өшиглөнө. Танихгүй хүүхэд. Идэр тэр хүүхдийг өрөвдөнө. Яагаад өрөвдөж байгаагаа өөрөө мэдэхгүй. Идэр өөрийн охиндоо их хайртай. Хүүхдэд хайртай. Охин эцэгтээ хайртай. Ажлаас ирэхдээ авчирсан чихэр. Баяр. Хүзүүн дээр сууж байгаа шар дээлтэй дөрвөн настай охин, өөрийн хүүхэд. Жижигхэн гараараа хүзүүг тэврэнэ. Аав нь: “За одоо буу” гэхэд “Аа ... юу гэнээ?” гэж сонсоогүй дүр үзүүлнэ. Ээж нь гал тогооноос орж ирээд “За миний охин нааш ир” гэнэ.
- “Аа ... юу гэнээ?” Гурвуулаа инээлдэнэ. Идэр зурагт харна. Тэнд нэг юм үзүүлж байв. Утас дуугарсан.
Идэр – байна.
Даваа – Идэр үү?
Идэр – Би байна.
Даваа – Би тэднийд байна. Тэдэн төгрөг өгөхгүй юу? Би эндээс явах хэрэгтэй.
Идэр – За ... Хэзээ хэрэгтэй юм?
Даваа – Одоо
Идэр – За
Хөлстэй гараар утсаа тавив. Даваагийн хоолойг танингуут айдас төрсөн. Багаасаа. Мод хугалаад цагдаад баригдахад. Сургуульд дүнгээ хулгайгаар засаж байхад. Зүрх цохилдоно. Утас чагнаж байвал яана. Давааг утсаар ярьж байхад, баривчлаад – Хэнтэй ярьсан. Мөнгө өгөх гээд очиход цагдаа отоод сууж байвал. Аймшигт айдас. Чичирнэ. Мөнгө аваачиж өгнө гэдгээ мэднэ. Ганц сайн найз. Идэрийн дүү /Жаргал/ ирэв. – Тэгээд яахав. Яахав дээ аваачиж өгөх хэрэгтэй. Зүрх цохилно, том төмөр, цохилдож байгаа зүрхийг ирж атгав.
Идэр – Чи тэднийхийг мэдэх үү?
Жаргал – Мэднэ.
Идэр – Тэгвэл ... чамайг хэн ч танихгүй, чи аваачаад өг. Намайг Даваагийн найз гэж мэднэ.
Жаргал – За, за
Идэр мөнгөө өгнө. Жаргал яваад өгөв. Зүрх цохилдоно. Яах гэж өгөв өө. Давааг баривчлана. Бүгдийг мэднэ. Намайг шоронд. Хар төмөр. Төр засаг. Айдас. Яах гэж өгөв дөө. Жаргалыг замаас нь буцаах уу? Одоо амжина. Жаргалаас зовно. Юунд нь зовсон юм. Шоронд орох болно. Буцаахаас зовно. Айна. Айдас. Авгай, хүүхэд, ажил, цэцэрлэгээсээ ирэв. Идэр хараад баярлана. Хоёулаа хувцасаа тайлна.
Ээж нь охиндоо туслана. Том шар булангүй ханан дээр, баруун талд нь гэрэл асна, аз жаргалын гэрэл. Дараа нь оройн хоолоо идэцгээнэ, ярилцана. “Тэр байна ш дээ. Манай ангийн нэг хүүхэд ... харин тийм” Сайхнаа. Идэр сонсоно, үг нэмэрлэнэ, дотор онгойно. Идэр ингэж гэр бүлээрээ цуглахад дуртай, жаргалтай. Сайхан царай, уруул дээрх мэнгэ. Охин юм асууна. Хариулна. Миний охин овоо том болж. Би эд нарт хайртай.
Жаргал буцаж ирэв. Өндөр модон шал цуурайтна. Хоёул өөр өрөөнд оров.
Идэр – За яав?
Жаргал - Өгчихсөн.
Идэр – Юу гэж байна?
Жаргал – Олон юм яриагүй. Хотоос явна гэсэн.
Идэр – Хэзээ?
Жаргал – Маргааш.
Жаргал яваад өгөв. Байж байтал утас дуугарав. Хэдэн хоног үхсэн зүрх ахиж үхэв.
Идэр – Байна
Цагдаа – Идэрийнх мөн үү?
Идэр – Би байна
Цагдаа цол нэрээ хэлээд – Би Даваагийн хэргээр ярьж байна. Даваа хаана байгааг мэдэх үү?
Идэр - ... мэдэхгүй, үгүй
Цагдаа – Маргааш таван цагт зургадугаар тасагт ир. Дүүргийн хэлтэст.
Идэр – За. Маргааш таван цагт
Маргааш нь болов. Маргааш таван цагт. – Даваа бид хоёр арваад жил найзалсан. Тэр хэзээд зүгээргүй хүн байсан. Айдас. Би юу хэлнэ ээ.Даваа баригдана. Шорон. Би юу хэлнэ ээ. Тэнгэрт тулсан төмөр багана. Бүх юм нэг ойртоно, нэг холдоно. Айдас. Гэмт хэрэгтэнд мөнгө өгч оргуулсан. Найз нь ямар хамаатай юм. Хүүхдийн бөмбөг. Би авгайдаа хайртай. Үдэшлэг. Бүжиг. Найзтайгаа хамт. Хувиргасан дүр. Лам. Анхны учрал. Би хайртай.
- Нэг хүн найзаа аврахаар явна. Цагдаад мэдүүлэг өгч. Өөрийгөө золиосонд гаргаж найзаа аварна. Шар “Икарус”-аар явна. “Ёоё, хайран хөл. Ямар чихэлдээнтэй юм” Буух буудал. Цагдаагийн газар хүртэл хоёр минут алхана. Цагдаагийн газар. Байшин, дээр нь тэнгэр. Дүрэмт хувцастай харуул. Айдас. Мэдүүлэг. Дүрэмт хувцас. Хажуу дахь мухлагт орж хоёр дэвтэр авав. Хажууд такси хүн буулгав. Таксинд сууж гэртээ харина.
Айдас. Багаасаа. Төмөр төр. Би авгайдаа хайртай. Үдэшлэг. Бүжиг. Найзтайгаа хамт. Хувиргасан дүр. Лам. Анхны учрал. Би хайртай. Дөрвөн цаг. Даваа. Том айдас, том төр. Эргэлзээ. Цаанаа бүгдийг хэлнэ гэдгээ мэдсэн эргэлзээ, очоод Давааг барьж өгнө гэдгээ мэднэ. Тэр хүртэл эргэлзээ. Жаргал ирэв.
Идэр – Чамайг явсны дараа над руу цагдаагийн газраас утасдсан. Өнөөдөр таван цагт ир гэсэн.
Жаргал – Яахав?
Идэр – Харин ээ. Очихгүй байдаг юмуу? Очихгүй байж болохгүй. Намайг олно. Давааг олно.
Жаргал – Даваа амжих байх.
Идэр – Харин.

Хоёул дуугүй болов. Зүлэг. Хүүхэд. Хүүхэд бөмбөгөөр тоглоно. Хажуугаар нь хүмүүс явна. Ялаа. Идэрийн айдас илт харагдана. Жаргал түүнийг ажиглаж зовно. Эргэлзээ. Даваа миний найз. Хажууд нь том багана. Үгүй. Би хэлэхгүй.
Идэр – Би хэлэхгүй. Мэдэхгүй гэнэ. Чамайг байцаавал чи ч гэсэн.
Жаргал – Тийм.
Идэр – Би очно. Тэгэхдээ хэлэхгүй.
Хоёулаа бие биеэ ойлгоно. Биширнэ. Өөдрөг марш хөгжим дуугарна. Нөхөрлөл. Баатарлаг үйл хэрэг гэрэлтэнэ. Зоригт Идэр. Зоригт Жаргал.
Төгсөв.

Бүх юм. Харахад бүх юм. Анихад бүх юм. Дандаа. Бүх юм.
Дэлгэр. Цас, давс, цагаан өнгө урагшаа газар дээгүүр. Хоёр гэрэл. Хоёулаа чийдэн. Агаарт бас цас, жоохон цас гэрэлд гэрэлтэнэ. Шөнө. Дэлгэр нэг тийшээ. Нөгөө л тийшээ явна. Дотор нь тортог. Надаа юу ч байхгүй, хэн ч, тэгээд. Бүх юмтай, бүх хүнтэй болоход ч. Дандаа. Байна гэдгийг мэдээд гутарч болохгүй. Би гутрахгүй. Энд баймаар байна. Тэгээд би амьдарна. Би өөртөө “Жаргалтай байна”гэж хэлнэ, худлаа өөртөө “Зовж байна” гэж хэлнэ, худлаа. Бүх юм худлаа. Энд үнэн юм, худал юм үгүй. Юу ч алга. Энд бүх юм нэг юм байдаг. Юу ч бодсон, хэлсэн, бодсон хэлсэн гэдэгтээ итгэхгүй. Бодлх хэрэггүй, үнэн биш, итгэл, Ставрогин, юуны ч тухай. Зүгээр л байж бай. Тийм.
Бүх юм.

Дандаа.
Өрөөнд сууж байгаа хүн. Идэр. Дотор нь зөөлөн айдас бялхана. Гэрэлтэй өрөө. Модон шугам чимээгүй хугарна. Ялаа шиг аяархан бяцарна. Шугамыг аажим дарахад. Аятайхан өргөсгүйгээр хугарна. Гар өвдөнө. Бүх юм гайгүй сайхан. Гайгүй сайхан. Бүх юм. Цагдаагийн газар очих цаг болов. Явна. Ойртох тусам айдас хэвээрээ, хэвээрээ цутгаад ороод ирс=--э                                                                          н. Даваа хаана байгааг хэлнэ. Хүрээд ирлээ. Тасалгаанд орж байцаагдав. Цагдаад хараад эсэргүүцэх дур хөдлөв. “Мэдэхгүй, би юу ч мэдэхгүй”. Хэдэн үгийн дараа цагдаа “Тэгвэл тэгэхийг мэднэ биз дээ”.
Идэр –Мэднэ.
Цагдаа – Тэгээд бод доо.
Идэр – Тэддүгээр хороолол, тэддүгээр байр, давхар, хаалга, утас ...
Хаврын гурван сарын сүүл үеэр Даваагийн хэрэг шүүхээр орж таслагдсан. Даваа шоронд. Идэрийг яагаа ч үгүй. Гэрч. Айдас. Төмөр багана.

Цагдаа – Мэднэ биз дээ.
Идэр – Тэднийд байгаа ... хаяг ...
... Идэрийн гэр. Ханан дээрх зураг, нар сар. Хажууд ялааны баасгүй цэвэрхэн толь. Зурагт. Диван дээр авгай хүүхэд нь сууж байна. Идэр тэр хоёрыг харж баярлана. Миний зөв. Би шоронд суусан бол энэ хоёр маань яах байсан. Би тэгж авгай хүүхдээ золиосонд гаргаж эрэлхэг гавъяа байгуулах эрхгүй. Гэр бүлгүй ганцаараа байсан ч ялгаагүй. Даваа хамаагүй. Айдсыг барах аргагүй. Багаасаа. Айдас хүний мах цус. Дэлгэц. Зам. Эргэж харж байгаа хүн. Нуруу нь цагаан. Хурдан явна. Өөрөө цусаа ханах хэрэгтэй болов. Нэг огцом хөдлөөд судсаа зүсэх хэрэгтэй. Мэс баруун гарт. Огцом хөдлөхөд зүүн гар хөдлөнө, баруун гар нэг жаал хөдлөөд гацна. Дахиад. Дахиад холдов. Дахиад. Гар дээр хөлс. Хутгаа зүүн гар дээрээ таиад зүснэ. Хэтэрхий аяархан. Дарна. Хэтэрхий аяархан.
... Хэдэн жил. Идэр амар сайхан аж төрж байв. Эхнэр, хүүхэд, ажил төрөл. Дэлгэсэн хөшиг, ургасан жаргал. Бүх юм жаргал. Ганц л хорсол. Ганц сайн найз. Ганц найз шоронд. Ганц найзаа би барьж өгсөн. Бүх юмны бүх өнгөнд ганц хорсол. Жаргалтай уулзахад нэг л эвгүй. Хоёуланд нь. Явсан ирсэн хүн, гарт нь хүмүүс. Ганц хорсол. Айхдаа ганц сайн найзаа барьж өгсөн. Би тийм аймхай. Тэгэхдээ нэг л гэрэлтэй. Нэг л найдлага. Миний зөв. Зөв нь гэмт хэрэгтнийг илрүүлж өгсөнд биш, авгай хүүхдээ бодсондоо биш, хар амиа бодсондоо ч биш. Тэр найдлага, гэрэл. Тэр гэрэл миний зөв. Яаж ч сэтгэл зовж байлаа гэсэн сайн гэрэл туяарна.
Цонхны тавцан. Цагаан рам. Рамны завсар олон ялааны сэг. Хар шороон дээр тэд нарын үлдээсэн мөр. Хөл, толгой, цээж, бүх юм нь саарал тоосонд дарагдсан.
- Нэг хүн найзаа аврахаар явна. Цагдаад мэдүүлэг өгч өөрийгөө золиосонд гаргаж найзаа аврана. Шар “Икарус”-аар явна. “Ёоё, хайран хөл. Ямар чихэлдээнтэй юм” Буух буудал. Цагдаагийн газар хүртэл хоёр минут алхана. Цагдаагийн газар. Байшин, дээр нь тэнгэр. Дүрэмт хувцастай харуул. Айдас. Мэдүүлэг. Дүрэмт хувцас. Хажуу дахь мухлагт орж хоёр дэвтэр авав. Хажууд такси хүн буулгав. Таксинд сууж гэртээ харина.
Айдас. Тэгэхдээ нэг л найдлага. Бөмбөг аяархан өнхрөнө. Хүүхэд хойноос нь гүйнэ. Гурван настай эрэгтэй хүүхэд. Идэр яагаад ч юм түүнийг өрөвдөнө.
Даваад өршөөл үзүүлж ялын хугацаа дуусаагүй байхад чөлөөлөхөөр болов. Идэр, Жаргал хоёр Давааг удахгүй суллагдахыг дуулаад баярлахын хамт бас зовно.
Идэр – Хоёулаа яахав?
Жаргал – Чи Давааг шоронд байхад нь захиа бичиж чадаагүй биз дээ?
Идэр – Одоо уулзах л болно. Би уулзах ёстой.
Жаргал – Тийм. Чи Давааг гарч ирэхэд нь угтаж ав.
Идэр – Хоёулаа очьё. Ганцаараа хэцүү.
Жаргал – Тийм.
Даваагийн суллагдах өдөр.
Хоёр найзын учралыг норгох ёстой шил юм хагарав. Жаргал унагаачихсан. Сандарсан харамсал. Ахиад нэгийг олов.
Даваа гараад ирэв. Хавар. Гэрэлтэй шар тоос. Идэр, Жаргал хоёр Даваа руу дөхнө. Хэлэх үгээ, байх байдлаа олж ядна.
Гэшиж зовно. Нүдээрээ  харна. Ялгаа алга.
Даваа Идэрт – Би чамайг сайн ойлгож байна. Чамд буруу байхгүй. Чиний зөв байсан. Намайг барьж өгсөнд чинь би баярлаагүй. Тэгэхдээ чиний зөв. Би чиний оронд байсан бол яг адил. Чамд буру байхгүй. Хэн ч гэсэн ...
Жаргал – Тийм.
Даваа – Одоо хэдүүлээ өнгөрсөн юм санаж сэтгэлээ зовоогоод яахав. Та хоёрт гомдох зүйл надад алга. Би одоо шинэ амьдрал эхлэнэ ...
Энэ ухаалаг сайхан үгийг сонссон Идэрийн сэтгэлд гэрэл цацарна. Найдлага биеллээ. Бүх м сайхан. Гэрэлтэй. Жаргал. Хоёр найз инээнэ. Идэр тоглоом хийсэн, доо гурвуулаа инээлдэнэ. Нар мандана. Аз жаргалын шар нар. Өнөөдрийн аз жаргалын нар, дараагийн бүх өдрийн аз жаргалын нар. “Үнэнч анд нөхөртэй хүнээс гамшиг зовлон зугтаан явдаг ажээ”.
Төгсөв.
Бүх юм. Харахад.
Дандаа. Дэлгэр.
Гэрлээ – Үгүй, сонирхол алга. /Гэрлээ миний сонирхол/. Би шууд асуусан – Надтай ахиж уулзах сонирхол байна уу? Хариулт – Үгүй надаа сонирхол алга. Миний сонирхол намайг сонирхсонгүй. Сонирхолгүй бол тэр л биз. Тэд нар ер нь падгүй. Гол нь бүх юм сайхан. Юу ч болсон, тохиолдсон бүх юм сайхан байх ёстой. Чи өөрийгөө холоос харж, санаж дурсаж байгаа юм шиг.
Би ингэж тэгж байна. Намайг ингэж тэгж байна, бүх юм сайхан. Чи хоёр “Би”-тэй, нэг нь нэр ус байхгүй, чанар, санаа бодол байхгүй, зүгээр л “Би”, хэлбэлзсэн, цагаан өнгө, байгаадаа баярлана. Өөр юу ч байхгүй, хэрэггүй. Нөгөө нь Дэлгэр, хорин хоёр настай, сэтгэл санаатай, ийм тийм ааш зантай, махбодитой. Дэлгэр баярлана, зовно, унаж тусна. Дэлгэр яаж ч байсан нэргүй “Би”-д бүх юм сайхан. Дэлгэрийг яаж ч болно, алж хядаж, үе мөчөөр нь тасалж, одоо бүх юм сайхан. Тэгэхдээ бэлгийн эрхтнийг хаалганд хавчуулах, ил галыг суганд хоёр аравны таван сантиметрийн зайд ойртуулах юм бол, багаж хэрэгсэл ашиглавал, дээрх хоёр “Би” алга болж, ганц шинэ “Би” үүснэ - өвчин, зөвхөн өвчин. Шинэ “Би” хоёр хуучнаасаа биеийг л уламжилж авна, бусад бүх юм ганц юм болно, өвчин. Өөр юу л үлдэхгүй, зүгээр л өвдөнө.
Одоохондоо бүх юм сайхан. Одоохондоо гэж: нас төд, сурдаг. Хаана? Пад алга. Эцэг эхтэйгээ гэртээ. Энд бүх юм байна. Буудал байна. Автобусны буудал. Таньдаг хүмүүс – Юу байна – Юу байна. Автуус ирлээ. Хэдэн хүн орж амжих гэж гүйнэ. Бүгдээрээ амжина. Гэрт хэн ч байхгүй. Гал тогоо. Гал тогооны шал. Гал тогооны шалан дээр бүх юм. Өнөөдөр азгүй өдөр – үгүй, надаа сонирхол алга. Азгүй бол, азгүй л биз. Азгүй гэдэг ойлголт, ойлголтыг хүрээлсэн, дотроо оруулсан, томоос том – Тийм – Бүх юм сайхан. Хийх юм байхгүй. Хальс, хөгжим. Эцэг эх ирэв. Тэд нар сайн хүмүүс. Надаас юм асууна. Би хэлнэ. Тэд нар надаа падгүй.
Намайн хийсэнд, өсгөсөнд би баярлана. Падлий. Падтай юм – би, үйл хэрэг, миний үйл хэрэгтэй холбоотой зарим хүмүүс. Үйл хэрэг – байх, амьдрах, байж амьдарч чадах. Би чадна. Би байж л байвал өөрийнхөөрөө, уйдахгүй, сахйан. Бүх юм сайхан. Өглөө бүр, өдөр бүр. Үүл жаахан нимгэрч сарны гэрэл гучин лаагаар нэмэгдлээ.
Сургуульд бас бүх юм. Энд ирэх дуртай. Сурах дуртайдаа биш, хийх юм, таньдаг хүмүүс, найз нар. “Хүнд явж болох газар байх ёстой” /Ф.М/ Нэг газар байснаас олон газар байсан нь дээр. Стипенди буух сурагтай. Багш нар наашаа цаашаа явна. Тэд хичээл заадаг. Би Баатартай дэмий ярина. Баатарын нуруу нь цагаан болчихож, шохойтой хана. “За яахав. Бүх юм сайхан”. Цонхоор харна. УБ хотын байшингууд, дээр нь тэнгэр. УБ хотын оршин суугчид, тэднийг зөөдөг машин, хувийн болон албаны. Бусад бүх юм. Манай давхар дээр нэг сонин хүн харагдав, харагдаад наашаа ирэв. Надад нэлээн мөнгө өгөх ёстой. “Юу байна – Юу байна”
- За сайн уу. Мөнгөө өгөв. Цонхны тавцан дээр сууж байгаад баяждаг юм байж. Баатар бид хоёр хийх юмтай боллоо. Баатар Ариунаатайгаа яриад маргааш надтай уулзахаар тохиролцов. Ангидаа орьё. Хичээл. Судлал. Бүх юм сайхан. Багаасаа. Арван дөрөв хүртлээ юу ч боддоггүй байсан, зүгээр сайхан. Наймдугаар ангидаа ойлгож эхэлсэн. Энд байгаадаа, энэ хичээл дээр сууж байгаад зүгээр байгаадаа баярлана. Тэгэхэд чи “Одоо жаргалтай байна, энийг санаад ав, энэнээс илүү юм байхгүй олдохгүй” гэж өөртөө хэлсэн. Тэрнээс хойш дандаа. Өглөө бүр, өдөр бүр. Яаж эхэлснийг санахгүй. Яг сайхныг сайн ойлгоод хичээл дээр сууж байсан. Ангийнхан гэр лүүгээ яарна. Надаа хэзээ тарах хамаагүй. Энд ч, тэнд ч. Ялгаагүй. Хажуу дахь хүүхэдтэй тоглож, бүх юм сайхныг санаж суусан. Тэрнээс хойш хэвээр. Хичээл эхэлнэ, дуусна, ирнэ, явна, амьдарна, үл амьдарна, гол нь бүх юм сайхан. Энд ч, тэнд ч.
Гэр, эцэг эх. Тэд: - Чи энийг Золбаяр ахдаа аваачаад өг. –За. Тэднийх хол. Явган явна. Хавар. Гэрт нь хүн алга. Гэрлийн счётчик ширтэж тамхилж зогсоно. Одоохондоо ялаа алга. Золбаяр ах ирэв. – А ха – За – Тийм. Баяртай, Баяртай. Гадаа дулаахан, салхитай. Гэрт орой болчихсон байв. Шөнө, зүүд, хавар хааяа хар дардаг. Дарагдахгүй байх арга – гэрэл асаах. Өөр арга – айхгүй байх. Хар зүүдийг сонирхож ирэхийг нь хүлээвэл ирэхгүй. Нээрээ айхгүй, тоохгүй байвал дарагдахгүй. Дараа нь өглөө, дараа нь өдөр.
Сургуульд сураад тарав. Баатар Ариунаа хоёр автобусны буудал дээр хүлээж зогсоно. – Хэзээ цуглах вэ? Сараагийнд бүтэн сайнд, зургаан цагт. Сараа Баатарын хамаатан. Царайлаг хүүхэн. Даанч нөхөр нь үхчихсэн. Би энэ тэр нь үхчихсэн хүнд дургүй. Миний суух автобус ирлээ. Баатар Ариунаа хоёр үлдэв. Баатар авгайгүй байхдаа сайн хүн байсан. Ариунаатай болсноос хойш надтай сургуулиас өөр газар бараг уулзалдаагүй. Тэгэхдээ тохитой томоотой болоогүй, хэдэн хогийн юмнуудтай нийлсэн сураг гарсан. Автобус – гудамж. Цэлмэг тэнгэр, доор нь хот, манай байр. Сайн дурын лифт өнөөдөр амарч байна. Гэр, өрөө. Усан будаг. Бүлээн усаар найруулсан. Өдрөөс өдөрт нэг л юм зурдаг. Дөрвөн юмтай нэг юм. Нар, сар, газар, тэнгэр. Эд нарын өнгө хэмжээ, өөр юм байхгүй. Бүх юм. Дандаа цэлмэг тэнгэр, дандаа хоосон газар, улаан нар, цагаан сар. Хамгийн дуртай юм – зураг зурах. Сублимаци. Улааныг жоохон нэм, газар жаал томдчихож, хайчилчихъя. Гортигоор хоёр тойрог тат. – Нар, сар, нэг хэмжээгээр зураад юу ч бодохгүй байж болно. Бүх юм сайхныг ойлгож, сууж байгаа шалаа, налж байгаа ханаа мэдэрч, нүд хараастай, дотор байгаа нэг юмыг – Бүх юмыг мэдэрч суух. Бүх юм сайхан. Жаргал.
Сайхан юм боллоо гэж биш, сайн юм хүлээсэндээ биш, муу юмнаас салсандаа биш, байгаадаа, бүх юманд сайн. Юунаас ч айхгүй. Хоёр саад – үхэл, муу юм тохиолдож шаналал гарах. Үхлийг мэдэхгүй. Үхсэн гэдгээ харж харамсахгүй. Харин муу юм тохиолдвол би өөрөө өөр хүн болно. Өөр сонирхолтой, өөр бүх юммтай, тэрний бүх юм нь болсон юмнаас гарсан гутрал. Өөр амьдрал. Одоогийн надаа хамаагүй амьдрал. Тэр хүн надаа пад алга. Одоо, энэ Дэлгэрт бүх юм сайхан. Би яасан, дараа яахыг би мэдэхгүй, аргагүй, мэдсэн ч ялгаагүй. Юу болно – тэр болно. Байгаагаараа бай, бүх юмны тухай битгий бод. Энэ жаргал туйлын жаргал, илүү юу ч үгүй. Намайг яасан ч би энэ жаргалыг эдэлнэ. Ямар ч муу юм болсон би жаргалтай байна. Ямар ч сайн юм болсон илүү жаргалтай болохгүй. Би яг тулсан. Энэ бүх юм. Сайхан бүх юм. Тэгэхдээ хажууд нэг л шаналал. Эхлээд энийг шалтгаантай гэж бодсон. Айх, юм хүсэх, нэг юм дутах, илүүдэх. Одоо айх юм алга, илүүдсэн дутсан юм алга. Тэр үед хүссэн бүх юм байна. Тортог. Тортогноос болж юм зурна.

Хийх хамгийн дуртай юм шаналлаас гаралтай. Тэгэхдээ бүх юм сайхан байх ёстой. “Бүх юм сайхан” гэж хэлж чадаж байна., чадах хүсэл байна, чадаж байгаа цагт бүх юм сайхан. Одоо зүгээр унт. Шуудайтай баас шуудайнд байгаагаараа сайхан, хүн унтдагаараа сайхан.
Өглөө гэрээс эрт гарав. Хоосон автобус. Хоосон гудамжинд би илүү дуртай. Сургууль бараг хүнгүй байна. Байгаа мөнгөө санахад дөрвөн шил юмны мөнгө. Хичээл, ахиад хичээл. Завсарлагаанаар Заяа надтай уулзав. Сайн танил. –Чи мөнгө зээлэх үү үгүй юу? – Хэд. – Таван зуу. Дэлгэр мөнгөнөөсөө таван зууг тоолж өгөв. Цагаан цаас барьсан хүн хажуугаар өнгөрнө. Дараагийн хичээл орсонгүй. Одоо дэлгүүр яваад нэг хагаст хүрээд ирье. Дэлгүүр. – Хоёр дарс, нэг архи – Тийм. Буцаад сургуульд очно. Сургууль. Дөрөвдүгээр пар орох орохгүй нь бүү мэд. Коридорт тамхилна. Нэг хүнтэй уулзах ёстой. Харагдахгүй л байна. Баатрыг олж маргааш болох юмны тухай, өнөөдөр, нөгөөдрийн тухай, бүх өдөр бүх юмны тухай ярьж болно. Яах вэ? Багшийг хүлээж болно. Хажууд цонх. Одоохондоо ялаа алга. Би тамхи дуусаад, тулаад ирэхэд нь хүчтэй сорох дуртай. Түлэгдсэн шүүлтүүрний амттай утааг уушиглах. Унах цогоор хувцсаа түлэхгүй байхыг анхаар. Нэг л сайхан. Бүх юм сайхан. Та нар бүгдээрээ яршиг. Яршиг. Харилаа. Харьж нэг шил юмаа ууяа. Бүх юм сайхан. Та нар яршиг. Гадаа дулаахан салхитай. Гэрт салхигүй дулаахан. Нэг шил, нэг аяга, нэг хүн. Бүх юм ганц байх ёстой. Бүх юм ганцаараа байдаг. Бүх юм сайхан гэж вино уух сайхан. Хамгийн. Тэгэхдээ нэг юм мэдрэгдэнэ, эвгүй юм. Зураг зурахад, яршиг гэхэд нэг юм, эвгүй юм мэдрэгдэнэ. Яршиг бол хэтэрхий хэтэрсэн, зайлсан, салсан жаргал. Нөгөө зүгээр эндээс холдсон жаргал биш, бүх юмнаас чөлөөлөгдөх гэсэн жаргал. Хэтэрхий, хэтэрхий юм тусгай төлбөртэй. Үүнийг төлнө. Тэгэхдээ яадгийм. – Яршиг. – Маргааш шил архиа аваачъя, энэ хоёрыг одоо уучихья. Бүх юм надаа сайхан байна. Бүх юм хэрэггүй гол нь өөрөө байна, тамхи байна, вино байна. Би үхнэ, чи үхнэ, бүгдээрээ үхнэ – дуртай юмаа хий. Хөшигний улаан гэрэл. Хоёр юмаа ууж дуусав. Согтуугаар зураг зурна. Зураг руугаа нулимна, хэлээрээ будна, улаан өнгийг долоогоод залгих. Нүүрээ будах. Дээшээ. Дээшээ. Доошоо. Бүх юм сайхан болно, болгоно. Эндзээс хэтрэх шахсан, тулчихаад цаашлах гэсний хариуг, төлбөрийг өгөх болно, чадна. Энэ хэтэрхий сайныг үргэлжлүүлэхэд ахиад – ахиад, ахилгүйгээр нэг юманд, бүх юманд тулаад доошилно. Юу ч бодохгүй, ганцхан хүсэл, будгаар будаж, өөрийгөө будна. Жаргал. Тэгэхдээ цаашаа цаашаа, бүр салъя, өөр юманд. Өөр юм байхгүй. Бүх юм байхгүй. Бүх юм дандаа хэвээр, би өөрөө хэвээр, өрөө хэвээр. Бүх юм хэвээрээс бөөлжис. Энэ төлбөр. Хараал. Тэгээд буцаж хэвийн жаргалдаа орно. Тэгээд байна, амьдарна. өдөр бүр шөнө бүр.
Маргаашийн уулзалт. Бүтэн сайн өдөр зургаан цаг. Гэрээс гараад өмдний хармаанд байсан архийг курткиний хармаанд хийх гэж байгаад унагааж хагалав. Хармааны гадуур хийчихсэн. Чулуун шаланд цуурай байхгүй, спиртны үнэр. Хагалсан бол хагалсан л биз. Сараагийнд чиход бүгд цугларчихаж, бүх юм хангалттай, найз нартайгаа архи уух дуртай. Бүх юм хангалттай. Бид нарын яриа.
Баатар – Надаа одоо бүх юм сайхан. Ариунаа, мөнгө төгрөг, ажил сургууль бүх юм сайхан. Тэгэхдээ энэ бүгдийн хариуг өгөх ёстой, өгсөн мөнгөнөөс нь илүү хариулт өгөх болно. Би мөнгө төлнө. Төлөхөөс би айгаагүй. Би чадна. Бүх юм өмхийвтэр новш.

Ариунаа – Бүх юм сайхан. Баатар сайхан эр, надад хайртай. Гэхдээ Баатар олиггүй л дээ. Би харин төлбөрөөс мултарч чадна. Надаас юуны ч төлбөрийг гүйцэд авч байгаагүй. Энэ өмхийвтэр новш.
Сараа – Надаас юм болгоны төлбөрийг дандаа хэтэрхий хэтрүүлж авдаг. Би Нэргүйтэй жаргалтай байсан. Миний бүх хүмүүс үхдэг, алдаг, үхдэг, айж хулчийдаг. “Зарим хүмүүс хугарсан гарзаа бүр хатууждаг”. Би хатуу хатуужилтай. Миний бүх хүн үхдэг болохоор. Тэд нар амьдардаг байсан бол би хатуужилтай байж чадахгүй. Би хатуужилтай, жаргалтай.
Дэлгэр – Би нэг хэсэг өөрт байгаа юмаа хэнд ч хэлдэггүй байсан. Яг бодсон, итгэсэн юмаа хэнд ч хэлэхгүй байх. Зөвхөн өөртөө. Одоо пад алга. Хүн болгонд юм болгоноо. Бүгдийг хэлнэ. Тэгэхдээ би дуугүй байсан үеэс хойш дуугай байж сурсан. Хэлэхгүй юмаа хэлэхгүй. Тэгэхдээ тэрийгээ хэлвэл хэлнэ, хэлэхгүй бол хэлэхгүй. Энийг хэлсэн. Бүх юм сайхан. Юу ч мэдэхгүй.
Бид нарт сайхан байсан. Бүгд жаргалтай. Бүх юм. – Уугаад бай, уу. Бүх юм сайхан. Тэгээд дараа нь маргааш болсон. Би хичээл дээр сууж зураг зурна. Ийм зураг би өөрөө ийм. Өөрийгөө яг тийм гэж хэлэх хэцүү, хэцүүгээс гадна боломжгүй. Боломжтой ч байж болно. Мэдэхгүй. Мэдсэн ч хэвээрээ. Тодорхой чанар гэвэл. Чанар гэж юу юм. Тодорхойлолт. Чанарын тодорхойлолт. Тодорхойлолт олон үгтэй. Үг болгоныг одорхойлох... Ингээд цаашаа. Яршиг. Би байгаагаараа байна. Би ийм. Ямар харагдаж байна, тэгж л харагдаж байг. Би тийм. өөр ч байж магадгүй. Хамаа алга. Тэгэхдээ би юмыг бодсоноороо хийдэг. Заримдаа илүү, заримдаа дутуу.
Би дун хорхой тэжээдэг байсан. Ус нь өмхийрээд замагтаад дун хоолтой болсон. Далайн дун байсан болохоор би усанд давс хийсэн. Нэлээн ихийг. Тэгээд тэд нар үхчихсэн. Бүх юм новш. Хүн юу ч хийж байлаа новш л хийдэг. Хэн ч юу ч хийсэн новш л хийдэг. Өмхий жижигхэн. Бүх юм. Өөр хүнд өөр юм харагдаж болно, надаа новш харагддаг. Өмхий жижигхэн новш. Би өмхий жижигхэн новш хийнэ. Бусад адил. Тэд нар өөрсдийгөө өөр юм хийж байна гэж боддог байх, намайг л харахад нэг л өмхий үнэр. Энэ бүгд падгүй. Хүн юу ч бодож болно. Тэр хамаагүй. Гол нь хүсэл. Толгойнд захирагдахгүй. Би юу ч хийсэн хийгээгүйтэй адил хэрэггүй новш хийнэ, тэгэхдээ би хийнэ. Би хийх хүсэлтэй. Бүх юм новш. Тэгэхдээ би амьдармаар байна. Манайд хонх дуугардаггүй. Хичээл дуусав. Гадаа гараад харина. Гадаа хаврын нэг өдөр, хаврын олон өдөр, хаврын гурван сар, зуны гурван сар ... Тэгээд бүх өдөр. Салхигүй дулаахан. Бүх юм сайхан. Шар “Икарус”, саяхан угаагдсан цэвэрхэн “Икарус”. Хойно нь жоохон шар шороо наалдчихаж. Шар будган дээр нар тусна. Хажууд бүх юм гэрэлтэй. Очоод унтана, сэрнэ, зурна. Бүх юм.
Өглөө. Өглөөний унд. Явмааргүй байна. Баймаар байна. Миний гэр, дотор нь би. Над руу зочид ирдэг. Зочид – сэтгэлийн байдлууд. Гуниг. Жаргал, тэд нарын танилууд, бүх юм. Хаалга тогшиж орж ирдэг, хаалга эвдэж ирдэг. Миний хаалга бөх цоожтой, эвдэх аргагүй. Хэн ч ирсэн би дургүйцдэггүй. Тэд адил. Бүх юм. Хэнийг ч урих хэрэггүй. Урилга байдаггүй, тэд ч байхгүй. Өөрсдөө ирдэг. Би хүлээж л байна. Чи цай уу. Явсных нь дараа аяга угаах дургүй. Тавигдсан газраа байж байг. Бүх юм байх ёстой газартаа. Чи цай уу. Тэд нарыг орж гарахад би дуртай. Нэг дургүй юм бол тэд нар явдаггүй. Явсан ч үлддэг. Би тэд нартай цуг амьдардаг байх. Бүгдээрэнтэй нь. Бүх юм. Хааяа харагдахаа больдог ч гэсэн, байгаа нь, ирэх нь, дандаа мэдрэгддэг

Тэд хаашаа ч явдагггүй. Тэд нар нэг нэгнийгээ хучдаг, алдаг, дараа нь сэхдэг, заримдаа өөрөөр. Хамаа алга. Мэдэхгүй. Би ганцаараа үлдмээр байна. Бүгдийг нь цоожлоод гэрээ шатаавал утаа болоод уушгинд орно. Би уушгинд байгаа тамхины утаанд дуртай. Нэг тамхи. Ахиад нэг. Эхний хичээлд хоцорч, дараагийнханд нь амжина. Ахиад нэгийг, бүх юм.
Сургуульд Баатарыг эрээд олсонгүй. Ирэх ёстой. Хана налж зогсоно, хүмүүстэй ярина. Бүх юм. Хүрээд ирэв. Хоосон ангид орж тамхилна, ярина. Бүх юм сайхан. Баатар – Би нэг зүүд зүүдэлсэн, хатаж сэмэрсэн ялааны далавч, мартчихаж. Дандаа мартдаг. Би одоохон дуусна гэдгээ мэднэ. Зайлсхийх гэж оролдохгүй, зайлсхийх хүсэлгүй. Бид хоёр нэг юм, бүх юм. Тэгнэ гэдгийг мэдээд, аргалж болохгүйг мэдээд гутарч болохгүй, байдгаараа бай, явдгаараа яв, бид нар дандаа явдаг. – Хоёулаа яг юу ч мэдэхгүй. – Тийм. – Тэгэхдээ дандаа нэг юм санагддаг. – Дандаа нэг юм. Тэгээд бүх юм сайхан.
Хичээл дээр нэг ном харна. Тэнд чи өөрөө сайн байвал бүх юм сайн, чи өөрөө муу байвал бүх юм муу байна. Чи сайн байвал чамд сайн байна. Би тийм юм мэдэхгүй. “Сайн”, “Муу”, өөр юу байдаг билээ? Би мэдэхгүй, харагдаагүй. Тийм юм байхгүй. Жижигхэн өмхий баас сайн ч биш, муу ч биш. Зүгээр л байдаг. Бүх юм зүгээр байдаг. Зүгээр л. – За харья.
Хүйтний хүйтэн агаар. Салхигүй. Дулаахан автобус. Дулаахан хүмүүс. Цөөхөн. Жолооч шилэн дээр зураг нааж. Киноны зураг. Гялалзсан. Би хэзээ ч юу ч ойлгодоггүй. Миний буудал, миний юм, миний бүх юм. Бүх өдөр.
- Нэг өдөр. – Дахиад нэг өдөр. Бүх юм.
Дараагийн өдөр. Баатар бид хоёр юм ярьж зогсоно, нэг нэгнийгээ явуулна, бүх юмыг явуулна. Инээнэ. Юм дооглох дуртай. Баатар Ариунаагаа хүлээнэ. Инээх сайхан. Эхлээд би Баатарын авгайг төсөөлөхөд, харахад нэг л дургүй хүрээд байсан. Авгай хүн нөхрийнхөө найз нарт нэг их сайн байдаггүй. Нөгөөдүүл нь бас адил. Танилцаад ирэхэр зүгээр л хүүхэн байналээ. Тэгэхдээ би бусад, би биш хүмүүсийн амьдралыг, байгааг, ойлгодоггүй. Надаас өөр амьдрал байна гэхэд нэг л сонин. Тэд нарт ч адилхан байх. Өөр амьдрал – итгэмээргүй. Хүн үхсэнийхээ дараа юу ч мэдрэхгүй, юу ч байхгүй болно гэж бодоход сонин болдог. Тэрэнтэй адил.
Ариунаа дээрээс буугаад ирэв. Тэр хоёр харилаа.
Цонхны рамны завсар шороо. Баатарын хажууд машин хүн буулгав.
Машинд сууж харина.
Заяа бас явах гэж байв. Заяа Цэрэнтэй ярив.
Заяа – Чи Дэлгэрийг танина биз дээ?
Цэрэн – Танина.
Заяа – Хөгшин нь явлаа, чи энэ мөнгийг Дэлгэрт өгчих. Цэрэн намайг олж мөнгө өгөв. Гараад өнөөдөр татах тамхиа авна, дараагийн өдрүүдийнхийг авна. Дараагийн өдрүүд. Өнөөдрийн өнөөдөр.
Зурагтаар хөл бөмбөг гарч байна. Хөл бөмбөг сонирхолтой. Энд хүчтэй баг нь заавал хождоггүй. Хүч - ? Тодорхойлолт. Шүүгч буруу шүүдэг, аз азгүй, хамгийн сайн довтлогчийн хөл нь хугардаг, бороо ордог.
Гэрийнхэн бас зурагт үзнэ. Эндээс гараад – коридор, цэвэрхэн толь, шал, өрөө. Заяа, тавилан, жам гэж юу юм. Тахал авчирсан ялаа. Дугуй унасан цагдаа. Удаан, хөдөлж ядсан гэхдээ хүрээд ирдэг дун хорхой. Үер болгох бороо авчирч байгаа дулаан салхи. Тавилан. Заяа – тэр чамтай болоод, тохиолдоод, чи тэрийг болчихлоо гэж мэдэрсэн үе мөч чиний заяа. Унтаж байгаа хүн үхсэн хүний тал нь. Тэгэхдээ би амьдармаар байна.

Бид хоёр ярьж зогсож байсан. Бид хоёр ярих дуртай, зогсох дуртай. – Хоёулаа юу ч мэдэхгүй. Тэгэхдээ дандаа нэг юм санагддаг. – Дандаа нэг юм. – Чи тийшээ хар даа. Би хэнд ч юу ч амлаагүй. Би зүгээр энд төрсөн. Хэнд ч өргүй. Тэгээд хажууд бүх юм. Бүх юм сайхан. Тэгээд Баатар яваад өгсөн, ахиад ирэхгүй. Тэр дандаа яваад өгдөг. Би явахлаараа явснаа мэдэхгүй. Мэдсэн юм өөр юм байдаг. Бүх юм өөр юм байдаг. Өөрөөс өөр юм байхгүй. Тэгээд яах вэ? Байж байгаад хария. Бүх юм эхлээд бүх юм сайхан дараа нь тийм биш харилаа.
Нэг газар, нэг тэнгэр, нэг нар, нэг сар. Эд нар манддаггүй, жаргадаггүй, шинэ сар хуучин сар гэж байдаггүй – яах юм. Байгаагаараа л байдаг. Одоо бүх юм сайхан байна. Болсон юмыг би мартсан, болох юмыг би санахгүй. “Одоогоос өөр цаг байхгүй. Одоо ч чамайг ийшээ оруулсан хаашаа ч гаргахгүй”. Би хаашаа ч ороогүй, нэг мэдэхэд энд байсан. Дандаа байсан. Байгаагүй байхдаа ч байсан, байхгүй болохдоо ч байна. Хэзээ ч байгаагүй. Байна гэж байдаггүй. Мэдэхгүй, мэдэхгүй гэдгээ мэдэхгүй.
Энд сайхан, муухай, тааламжтай, тааламжгүй юм байхгүй. Зүгээр нэг юм – бүх юм. Энд байгаа юмыг байгаагаар нь байлга, өөр аргагүй, хүсэлгүй. Нэг юм хийх ёстой юм шиг санагдаад байвал тэрийгээ хий, хийж байгаа юмаа хий, бүгдээрээ байгаагаараа байдаг. Байж л бай. Чамайг энд одоохон оршуулна. Энэ дөрвөн ханатай өрөө биш. Энэ нэг шулуун хана. Ханыг эвдэх, давах аргагүй. Энэ хана бүх юм. Бүх юмыг эвдэж, давж болохгүй. Эюдээд, даваад гараад ирсэн газар чинь бүх юм. Бүх юм бүх газарт. Тэгэхдээ эндээс жоохон холдож болно. – Жоохон наашаа. – Тийм. Холдоод өөрийгөө ажиглаж болно. Намайг ингэж байна, тэгж байна. Би эндээс хараад бүх юм сайхан байна. Ингэж холдож болно, холдож чадах ёстой. Чадвал бүх юм сайхан. Холдож болдог юм чинь чамайг түлхэж, өөрт чинь буцааж оруулж болно. Дандаа оруулдаг. Мэдээд гутарч болохгүй. Гутрахгүй байж чадах цаг дуустал, тултал нь, гутрахгүй бай. Дараа нь хамаагүй. Гол нь одоо. Бүх юм сайхан.
Өнөөдөр бүх юм байж л байна. Би амьд.
- Дээгий чамтай утсаар ярья гэж байна.
- Хэн?
- Баатар
Утас. Одоо Баатар луу хэдэн хүн ирнэ. Тэгэхэд нь би Батартай хамт байх ёстой, ганцаараа үхэх сонирхолгүй. Тэгээд Баатар намайг дуудаж байна. Хамт үхэх. Би очихгүй. Очих хэрэг байхгүй. Айдас байна. Тэгэхдээ айдасыг дарахад амархан. Надаа айх юм алга. Бусдын хэрэг бол бусдын хэрэг надаа хамаагүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Хүүхэд болгон унадаг. Хүүхэд болгон уйлдаг.
Би өөрийгөө үхэхээр үхмээр байна. Одоо би амьдарна. Наадахь чинь өнөөдөр минийх биш. Минийх одоо болоогүй. Хүн өөрийн үхлийг таньдаг байх ёстой. Өнөөдөр минийх биш. Тэгээд жирийн өдөр. Бүх юм. Баатарын яасанг би мартахгүй. Бүх юмыг мартах аргагүй. Миний бх юм дандаа байнга байдаг. Надтай болсон бүх юм, хийсэн хэрэг, хэлсэн үг бүх юмыг дотроо дандаа санадаг. Би байвал бүх юм байна. Юу ч хийж байсан, хүнтэй ярьж зогсоно уу, хаднаас үсэрнэ үү, энэ хийж байгаа юмны гадна, дотор, бүх юм дандаа. Энэ бүх юмны өнгө бүх юманд.

Шаравтар шороон дээр саарал тоос. Дандаа мэдэгддэг. Гэнэт хийх үү, үгүй юу гэсэн хэрэг гарахад хийх үгүйгээ шууд мэддэг. Чадах чадахгүйгээ дандаа санадаг. Гурав хоног бодоод шинэ санаа гарахгүй. Дандаа. Өглөө бүр.Өдөр бүр. Бүх юм сайхан.
Баатарыг алуулсан гэж надад хэлсэн. Би мэдэж байсан, гашуудал гуниг төрөөгүй. Энд бүх юманд гашуун, эс үгүй бол бүх юм сайхан. Нэг юманд гашуудвал бүх юманд гашуудах болно. Нэг сайхан бол бүх юм сайхан. Гашуудал нь илүү. Би гашуудаж гутардаггүй, жоохон холдоод л бүх юм сайхан. Сургуульд уулзах найзгүй болж. Тэгэхдээ би Баатартай ер нь танилцаагүй ч байж болох байсан. Би юмуу Баатар энд төрөөгүй байж болох байсан. Байхгүй байж болох байсан юм үгүй болоход юунд нь гашуудахав. Харин байгаа, байсан юм болгон байх ёстой гэж үзвэл бүх юманд гашуудах болно. Бүх юманд гашуудах юмуу гашуудахгүй байх бол нэг юм бүх юм.
Гэр – Сургууль – Би – хоёр өдөр. Зүгээр л хоёр өдөр. Намайг яаж болохыг би мэднэ. Бүх юманд хэзээд бэлэн. Гэртээ ирэхэд гэр үгүй болчихсон байж болохыг мэднэ, бэлэн. Би гаргүй, хөлгүй, сохор болвол яахаа мэднэ, бэлэн. Энэ хоёр өдөр юу ч болоогүй. Дараа нь Гэрлээ ирсэн, нэг юм асуусан, би хариулсан, цуг явсан. Гэрлээ хөөрхөн охин. Бид хоёрын бүх юм сайхан. Бид хоёр хайртай. Бид хоёрын яриа.
Дэлгэр – Би ийм тийм хүн, инэгэдг тэгдэг. Би ийм тийм юманд дуртай. Тэгэхдээ тийм хүн ийм тийм юманд дургүй ч байж магадгүй. Тэгэхдээ хэлсэн. Хэлснийг яаж ч ойлгож болно. Би өөрөөр хэлээд чи өөрөөр ойлгож болно. Энэ хамаагүй. Гол нь хэлсэн. Юунд ч ямар ч.
Гэрлээ – Би дандаа нэг юм боддог.
Дэлгэр – Дандаа нэг юм.
Гэрлээ – Чи яаж үхсэнийгээ яриач.
Дэлгэр – Би юу ч санадаггүй
Бид хоёр хурим найр хийхээр шийдсэн. Одоо биш, жоохон байж байгаад.
- Дээгий чи хэтэрхий их тамхи тата жбайна.

Ангиараа амралтын газар явав. Гэрлээ яваагүй. Дэлгэр газар дээр сууж тамхилна. Хажууд сайхан байгаль. Намхавтар нүцгэн уул. Богд уул. Хотынхоос өөр агаар. Сайхан байгаль. Би сайхан юманд дургүй. Хоёр жаахан хүүхэд бөмбөгөөр тоглоно. Бүх юм сайхан. Шөнөжин архидаж буу халав. Өглөөний хэдэн цагт билээ дээ нар ургаж эхэлсэн. Тэнгэрийн хаяанаас тархсан гэрэл хоёр давхар тоостой шилээр нэвтэрч миний манартсан толгойд орно. Уулын цаанаас цухуйж эхэлсэн жоохон нар бага багаар томбойно. Жоохон шархнаас гарсан бөөрөнхий дусал цус бага багаар. Цус нөжрөөд тогтоогүй бол дусал хэлбэрээсээ хальж бүх өдрийг гэрэлтүүлнэ. Дараа нь би унтсан байх. Өдөр бүх юм гэрэлтэй, бид автобусанд сууж гэрээ харина. Хотод ороод өөр автобусанд суув. Бүх юм сайхан. Харимаар байна. Өдөржин унтав. Маргааш хичээл. Хичээл тараад Гэрлээгийнд очив. Тэднийх ойрхон. Өндөр шар байшин. Бид хоёр идсэн, уусан, унтсан. Тэднийд сайхан байсан. Тэднийд бүх юм сайхан.
Гэрлээ – Чи яагаад тэгэхэд Баатарынд очоогүй юм?
Дэлгэр – Би айсан
Гэрлээ – Чи айгаагүй. Чи юунаас ч айгаагүй.

Дэлгэр – Тэгэхдээ надаа хэн ч хамаагүй … Би өөрөө байх ёстой. Надаа хэн ч хамаагүй.
Гэрлээ – Би ч гэсэн хамаагүй юу?
Дэлгэр – Чи ч гэсэн.
Бид хоёр муудалцав.
Миний будаг, зураг. Ахиж нэгийг зурав. Сүүлийн гурван зурганд, сая зурсан – хэтэрхий том нар, сар алга болж. Том хар, улаан нар. Сургуульд Гэрлээтэй уулзав. Хоёулаа тамхилна. Би буруугаа хүлээнэ, олон юм ярина. Нэг юм ярина.
Дэлгэр – Дандаа нэг юм санагддаг. Юу ч мэдэхгүй. Заримдаа бодож болох юм шиг санагддаг. Хэрэггүй. Яагаад? Хэрэгтэй. Яагаад? Би Дэлгэр биш, би би биш. Байгаа байхгүйн хооронд дүүжлүүлсэн юмнууд. – Юу юуны хоорондоо? Байгаа гэж байхгүй, байхгүй гэж байхгүй. Аль нь ч. Би мэднэ. Бүх юм мэднэ, санагддаг.
Гэрлээ – Дандаа нэг юм. Санагддаггүй, санагдлаа ч болоогүй байдаг. Хэрэггүй, зүгээр хэрэггүй. Чи дандаа өөр хүн байдаг.
Дэлгэр – Тийм.
Дэлгэр, Гэрлээ ахиад хоёулаа.
Гадаа дулаан орж. Манай гэр. Бид хоёр зурагт үзнэ. Кино. Тэнд нэг хүн дайнаас буцаж ирнэ, түүнийг найз нар нь угтаж авна. Инээд. Цэцэг. Төгсгөл. Ийм юм үзэхэд миний инээд, дургүй хүрдэг. Гэрлээ ийм төгсгөлд дуртай. Бид хоёр өөр. Гэхдээ бид хоёр хайртай. Одоо бүх юм сайхан. Ганцаараа байхад ч сайхан байсан. Одоо ч сайхан. Бүх юм. Дандаа нэг амьдралтай.
Эхний хичээл орохгүй юм шиг байна. Коридорт тамхилна. “ТУ-134”. Заяа бас хичээлгүй. Би хүнийг харангуутаа найзлах уу зэвүүцэх үү гэдгээ мэддэг. Ихэнхдээ я

бичсэн: Aagiisaa төрөл: өгүүллэг. | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2627

Сэтгэгдэл:

гайхалтай
энэ хүн утга зохиолд өөрийн нэгэн өнгийг оруулж чадсан нэгэн мөн. тэр өнгө хэний ч харж байгаагүй, хэн ч харах гэж оролдож байгаагүй, ахиж хэн нэгнээс гархааргүй тийм нэг өнгө баяртай байна smug гоё шүү http://www.blogmn.net/images/smiles/0134.gif
Бичсэн: фемида (зочин) хэзээ: 13:52, 2011-11-12 | Холбоос | |
ene zohioloo bichcheed amia horlotsn ged bdg unen yum bolu?
Nadad ene zohiol taalagddag. Emh tsegtsgui bodloo bichsn
Бичсэн: Fox (зочин) хэзээ: 01:21, 2011-07-17 | Холбоос | |
hi? argagui shuu dee. chi anudariig yaj meddeg yum be? tsaadahiinhaa talaar sain medehuu? meddeg bol zohioliig ni unshihaar ternii ooriinh ne bodol amidral ne baidag yum shuu dee
Бичсэн: Зочин хэзээ: 13:14, 2008-04-18 | Холбоос | |
bi anudariin zohioliig unshih bureeree l ulam bur gunigtai bolood baigaan teriigee c sain medej baigaa gehdee l bi yagaad ch yum be unshmaar sanagdaad l unshaad l baina
Бичсэн: Aagiisaa хэзээ: 21:47, 2008-04-16 | Холбоос | |
hi? hagas ni baina uu

ene uneheer sonirholtoi nom shuu. Anudariin 1-hen nom shdee. Bi haigad oloogui yumaa. chi butneer ne blogtoo taviach. Eswel nomiig ni haanaas awah we?
 
Neeren chi tegtlee ih guniglaa yu? guniglah saihan shdee. Gehde ih hereggui l deee. Hiideg zuilee oorchloh heregtei. Bas hureeleh humuusee har l daa
Tegeed l shiidwer gargah heregtei. 

Anudariig bainga unshih hereggui ene uneheer unen shuu 

Бичсэн: ganzo_817 хэзээ: 13:41, 2008-04-14 | Холбоос | |
цагдаа
цагдаа ямар байх ёстой талаар гоё хэсгүүд байнаа
Цагдаагийн газар Давааг эрж илрүүлж байв. Даваа гэмт хэрэгтэн. Түүнийг баривчлахад Идэр туслав. Идэр Даваагийн найз.
Цагдаа - . . . мэднэ биз дээ.
Идэр – мэднэ . . . Даваа тэднийд байгаа
Цагдаа, төр, хүч, засаглал. Тэнгэрт тулсан том төмөр, доор нь Идэр. 

. Багаасаа. Мод хугалаад цагдаад баригдахад. Сургуульд дүнгээ хулгайгаар засаж байхад. Зүрх цохилдоно
Давааг утсаар ярьж байхад, баривчлаад – Хэнтэй ярьсан. Мөнгө өгөх гээд очиход цагдаа отоод сууж байвал. Аймшигт айдас

Дугуй унасан цагдаа. Удаан, хөдөлж ядсан гэхдээ хүрээд ирдэг дун хорхой. 

Дараах бичлэгийг сонирхоод үзээрэй. http://www.blogmn.net/galbaatar/2008/4/13597/

Бичсэн: galbaatar хэзээ: 20:37, 2008-04-10 | Холбоос | |
kalibr.muu kalibr.heseg.hamgiin goy.taalagdsan
Бичсэн: Зочин хэзээ: 12:33, 2008-04-07 | Холбоос | |
kalibr.muu kalibr.heseg.hamgiin goy.taalagdsan
Бичсэн: Зочин хэзээ: 12:33, 2008-04-07 | Холбоос | |
яагаад дутуу оруулсын? энийг хамгийн анх би шивж нэт-д оруулж байлаа гэж. олон ч хvнийг баярлуулж, олон ч хvний хараалыг идсэн дээ
Бичсэн: Marlboro хэзээ: 16:58, 2008-04-05 | Холбоос | |
Нэг талаас л өгүүлсэн зохиол. Хүний бодол оюуныг байгаагаар нь буулгасан шиг санагддын. Гэхдээ таалагдсөөн.
Бичсэн: Зочин хэзээ: 18:02, 2008-04-01 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)